| Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр хоёр жил дараалан байр ухарч, дэлхийн 70 улсаас 67 дугаарт эрэмбэлэгдлээ. Мөчлөг дагасан эдийн засаг, бодлогын тогтворгүй байдал, дэд бүтцийн сул хөгжил, экспортын хэт төвлөрлөөсөө шалтгаалан Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын эрэмбийн сүүл хэсэгт гацсан хэвээр байна. |
| Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 38 дахь жилдээ гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д энэ онд нийт 70 улс хамрагдсанаас Монгол Улс 39.02 оноотойгоор сүүлээсээ дөрөвдүгээрт бичигдэж, Ботсвана, Нигери, Намиби, Венесуэлтэй хамт хамгийн тааруу үзүүлэлттэй таван улсын нэг болжээ. |
| Монгол Улс 2015 онд уг тайланд анх тогтмол эрэмбэлэгдэж эхлэхдээ 57 дугаарт бичигдэж байсан бол 2016 оноос хойш 60-62 дугаар байр орчимд хэлбэлзэж иржээ. Харин 2025 онд 65, 2026 онд 67 дугаар байр руу ухарсан нь өрсөлдөх чадвараар сүүлийн жилүүдэд улам доройтсоор буйн илрэл болж байна. |
| Тайланд нийт 341 үзүүлэлтийг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгээр үнэлж, улсуудыг эрэмбэлдэг. Энэ жилийн тайлан “Институтийн итгэл даах чадвар” сэдвийн хүрээнд танилцуулагдсан бөгөөд геополитикийн эрсдэл нэмэгдэж буй орчинд хууль дүрэм нь ойлгомжтой, амлалтаа хэрэгжүүлэх чадамжтай, засаглал нь найдвартай улс орнууд өрсөлдөх чадвараар илүү давуу болж буйг онцолжээ. |
| Уг дүгнэлт нь Монголын нөхцөл байдалд бүр ч илэрхий нийцэж байна. Өргөн уудам газар нутаг, ашигт малтмалын арвин нөөц, залуу хүн ам зэрэг давуу талууд байгаа ч тэдгээрийг эдийн засгийн өрсөлдөх давуу тал болгох институц, дэд бүтэц, хүний капиталын суурь хангалтгүй хэвээр байгааг тайлан харууллаа. |
| Тухайлбал эдийн засгийн тамир тэнхээний үзүүлэлтээр Монгол Улс дөрвөн байр ухарч 59 дүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд тэр дундаа эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадварын үзүүлэлтээр 70 улсаас хамгийн сүүлд жагссан байна. |
Via: Bloomberg TV Mongolia