Үнийн өсөлт

ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн тарифыг бүрэн тэглэх эсвэл 25%-50% бууруулсан. Улмаар үнэ өсөх үү гэдэг асуулт үүсэв. Юутай ч энэ хэлэлцээрээс өмнө буюу энэ оны эхний хагаст үнэ яаж өссөнийг харъя.
🗼 Өсөлтгүй бараа үгүй
Үндэсний Статистикийн Хорооноос сар бүр хянадаг гол нэрийн 43 бараа, үйлчилгээний үнийг энэ оны эхний хагасын байдлаар харвал жилийн өмнөхөөсөө дунджаар 18% өсжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн худалдан авалт тутамд дунджаар ₮1,960-ийн нэмэлт зардал үүссэн гэсэн үг юм. Угаас уг 43 барааны 41-ийнх нь үнэ өссөн бол гар нүүрийн саван болон Хятадаас импортолж байгаа сонгинын үнэ л буурч.  
🎢 Махны галзуурал: Үнийн өсөлтийн %-иар эхний 10-т бичигдсэн бүтээгдэхүүний 5 нь үхэр, ямаа, хонь, адууны мах аж. Тус бүрийн үнэ дунджаар 56% нэмэгдсэн. Үнийн дүнгийн хувьд үхрийн цул махны үнэ кг тутамд ₮13.9 мянгаар, хониных ₮10.6 мянгаар өсөж.   🤯 Дэндүү дээ, даанч дэндүү: 43 бараа, үйлчилгээнийхээ одоогийн үнийг 2020 онтой харьцуулбал үнэ нь өсөөгүй зүйл гэж үгүй. Дунджаар 102.3%, үнийн дүнгээр бол дунджаар ₮5.4 мянгаар нэмэгдсэн байгаа юм даа.   
🤔 Хэлэлцээр нөлөөтэй юу? 
Ийнхүү Монголд өглөө бүр дэлгүүрийн лангуун дээрх үнийн шошго өөрчлөгдөж, өрхийн санхүү өдөр ирэх тусам ачаалал авч байгаа яг ийм шахагдсан эдийн засгийн үед ЕАЭЗХ-ны хэлэлцээр эхэлж байдаг. Хэлэлцээрийн дараа яах бол?
💭 Боломж ба эрсдэл: Махны татвар 0% болсноор ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1%, хөрөнгө оруулалт 2.6% өсөх тооцоотой. Энэ нь нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн гаргах боломж юм. Гэвч Орос, Казахстаны хямд импорт нэмэгдэж, дотоодын гурил, сүүний салбар өрсөлдөөнд шахагдах эрсдэлтэй.

Leave a Reply