Эрчим хүчний зээл ₮1.56 их наяд

Монголын банкны систем дэх эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх зээлийн үлдэгдэл сүүлийн зургаан жилд 34 дахин өсөж, 2026 оны II улирлын эцэст 1.56 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь нийт 2.9 их наяд төгрөгийн ногоон зээлийн үлдэгдлийн 54 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна.
Өсөлт 2023 оноос эрчимжсэн бөгөөд тухайн үед энэ төрлийн зээлийн үлдэгдэл нэг улирлын дотор 80 гаруй хувиар нэмэгдэж, 188 тэрбум төгрөгийг давж байсныг Монголбанк мэдээлж байв. Үүнээс хойш санхүүжилтийн хэмжээ бараг найм дахин өссөн нь эрчим хүчний үр ашиг Монгол дахь ногоон зээлийн гол чиглэл болсныг харуулж байна.
Тэлэлтэд олон улсын санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдсэн нь дэмжлэг болжээ. Тухайлбал ЕСБХБ 2023 оны тавдугаар сард ХасБанктай 25 сая ам.долларын санхүүжилтийн багц байгуулсан бол мөн оны долоодугаар сард Уур амьсгалын ногоон сантай хамтран 137 сая ам.долларын “GEFF Mongolia” хөтөлбөрийг эхлүүлсэн юм.
Нөгөө талаас эрчим хүчний үнэ өссөн нь хэмнэлттэй технологид хөрөнгө оруулах эдийн засгийн хөшүүргийг нэмэгдүүлж байна. Цахилгааны дундаж тариф 2024 оны 11 дүгээр сараас нэг кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болж, бараг 30 хувиар өссөний сацуу өрхийн хэрэглээнд шаталсан тариф нэвтрүүлсэн юм.
Гэхдээ ногоон зээлийн өсөлт салбар бүрд жигд тархаагүй хэвээр байна. Монголбанк эрчим хүчний үр ашиг, ногоон барилга болон хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх бүтээгдэхүүнийг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж байгаа ч санхүүжилтийн бодит нөлөө нь зээлийг ямар төсөлд, ямар шалгуураар чиглүүлэхээс хамаарах юм.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Leave a Reply