- 0
- 6 words

Олон улсын цанын холбооны нэрэмжит дугуйт цанын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Монголд анх удаа болж буй тус тэмцээнд “Алдар”, “Хилчин” спорт хороо, “Мон Алтиус” Биеийн тамирын дээд сургууль, “Пара” цанын холбоо болон 9 аймгийн нийт 90 гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж байна.
Бат-Өлзий сум бол Монголын цанын спортын хөгжил, дэвшилтэй салшгүй холбоотой нутаг бөгөөд олон алдартай тамирчид төрөн гарсан билээ. Тухайлбал, өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн 3 удаа оролцсон,олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах, “Пара” цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 5-р байрын шагналт, олон улсын хэмжээний мастер Ц.Дашдорж нарыг дурдаж болно.
Бат-Өлзий суманд 1999, 2017 онд гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан бол энэ удаа дугуйт цанын спортын хөгжлийн нэг түүхэн мөч энэ нутагт бичигдэж байна.


