Арвайхээр тохижилт үйлчилгээний газар халаалтын системээ усан шүүлтүүртэй, цагаан утаа гаргадаг зуухаар шинэчилжээ

Арвайхээр тохижилт үйлчилгээний газрын хамт олон халаалтын системээ усан шүүлтүүртэй, цагаан утаа гаргадаг зуухаар шинэчилж, агаарын бохирдлыг бууруулахад бодиттой хувь нэмэр оруулжээ.  

Тус байгууллага нь 1,500 м² талбай бүхий байраа өмнө нь өдөрт 10 шуудай нүүрсээр халаадаг байсан бол шинэ зуух суурилуулснаар нүүрсний хэрэглээг өдөрт 3 шуудай болгон бууруулжээ.

Мөн ухаалаг удирдлагын системээр халаалтаа тохируулан ажиллуулах боломж бүрдэж, галлагаа хариуцсан ажилтны ажлыг хөнгөвчилсөн тухай дарга Д.Сүх-Өлзий онцлов.

Энэхүү сайн туршлага нь айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд өөрийн халаалтын эх үүсвэр, түлшний хэрэглээндээ анхаарч, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологид үе шаттай шилжих боломжтойг харуулж байгаа юм.

Иймд Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг халаалтын эх үүсвэрээ шинэчлэх, түлшний хэрэглээг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг Арвайхээр сумын Засаг дарга уриалж байлаа.  

Leave a Reply