Монгол Улсын Ерөнхий Сайдын 2026 оны 235 дугаар захирамжаар аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж албан үүргээсээ чөлөөлөгдөн, орлогч дарга М.Батзориг түүнийг ажлыг хүлээн авч, түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо.
О.Пүрэвдорж нь 2024 оны 11 дүгээр сард аймгийн Засаг даргаар томилогдсон. Тэрээр аймгийн удирдлагаар ажилласан хоёр жилийн хугацаанд бүхий л салбарт ахиц, дэвшил гаргахад анхаарч ажилласан бөгөөд ирээдүйд аймгийн эдийн засгийг бие даан бүрдүүлэхэд онцгой анхаарсан бодлогын бичиг баримтуудыг боловсруулан ажиллаж байв. Түүнийг ажиллах хугацаанд хийгдсэн томоохон ажлуудаас товчлон хүргэвэл:
Хархорум хотын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай эхлүүлж, Өндөр гэгээн Занабазарын 390 жилийн ойг өндөр хэмжээнд зохион байгуулсан бол аймгийн адууны баярыг анхлан зохион байгуулж, говь хангай хосолсон аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэх зэргээр аялал жуулчлалын салбарын бодлогод томоохон өөрчлөлтүүдийг хийсэн.
Хүний хөгжилд түлхүү анхаарч эрүүл мэнд, боловсролын салбарын удирлага, эмч, багш нар, төрийн албан хаагчдыг хилийн чанадад мэргэжил дээшлүүлэх богино, урт хугацааны сургалтад 200 гаруй хүнийг хамруулж, гэр бүлийн хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөр, малчин залуучуудад зориулсан зорилтот үйл ажиллагааг тус тус хэрэгжүүлэн ажилласан.
Аймгийн авто тээврийн салбарын бодлогын баримт бичгийг боловсруулан, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулснаар тус салбарыг бодлогоор хөгжүүлэх анхдагч аймгуудын нэг болсон юм.
Хужирт–Арвайхээр чиглэлийн 43.3 км, Бат-Өлзий-Хужирт чиглэлийн 49 км хатуу хучилттай авто, Арвайхээр сумын 1 дүгээр багийн аюулгүйн тойрог хүртэлх 680м болон 9 багт 1,2 км хамтуу хучилттай авто замыг явган хүний зам, гэрэлтүүлгийн хамтаар бүрэн шинэчэн тус тус ашиглалтад оруулсан. Түүнчлэн Арвайхээрээс Гучин-Ус, Богд сумыг холбох 170 км, Тарагт, Уянга сумыг холбох 50км хатуу хучилттай авто замыг тус тус бүтээн байгуулахаар ажлыг эхлүүлсэн юм.
Хархорин суманд 100 ортой нэгдсэн эмнэлэг, Хужирт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Өлзийт сумдын Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, Баян-Өндөр суманд Олон улсын стандартад нийцсэн, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий эмнэлгийн хоёр давхар барилгыг тус тус ашиглалтад оруулж, хөдөөгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулсан. Мөн хоёр сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн авто машины шинэчлэлийг хийж, Арвайхээр суманд бүтээн байгуулагдах олон услын стандарт шаардлагад нийцсэн БОЭТ-ийн шинэ барилгыг байгуулах газрын асуудлыг шийдвэрлээд байна.
Арвайхээр суманд ЕБ-ын 2 дугаар сургуульд 320 хүүхдийн сургуулийн өргөтгөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн буюу СӨБ-ын 11 дүгээр цэцэрлэгийн шинэ байр, , Хархорин суманд 320 хүүхдийн сургууль, Уянга сумын 1 дүгээр сургуулийн урлаг заал бүхий өргөтгөлийн барилга, 100 ортой дотуур байр, Сант суман спорт залын барилгууд тус тус ашиглалтад орсон. Баянгол сумын 240, Баян-Өндөр сумын 320 хүүхдийн сургуулийн өргөтгөл, Гучин-Ус, Уянга суманд спорт заал, Бүрд, Богд, Зүүнбаян-Улаан сумдад тус бүр 50 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажлууд тус тус үргэлжилж байна.
Арвайхээр суманд гал түймэр унтраах, аврах ангийн шинэ барилга, Бат-Өлзий, Бүрд, Богд, Сант, Хужирт суманд төрийн албан хаагчдын тус бүр 8 айлын орон сууцын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Мөн тус суманд хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх 20МВт цахилгаан станцын байгуулах төслийн ажлыг эхлүүлж, дулаан үйлдвэрлэгч нарыг бодлогоор дэмжин ажилласнаар утаагүй зуухыг нэвтрүүлж эхэлсэн.
Амжилттай ажилласны үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн 970 гаруй тэр бум байсан бол 1,3 их наяд болж өссөн үзүүлэлттэй байна.
О.Пүрэвдорж нь төрийн албанд 20 жил тасралтгүй ажилласан бөгөөд тэрээр мэргэжилтэн, улсын байцаагч, Тээвэр, авто замын газрын дарга, Арвайхээр сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргаар тус тус ажилласан юм.






Эх сурвалж Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар
