
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын иргэд “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төсөлд хамрагдан анх удаа ногоон тэжээл тарьж ургуулан, ургац хураалтын ажил амжилттай дуусчээ.
Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлтийн улмаас өвөлжилт жил дараалан хүндрэх төлөвтэй болсон. Байгалийн өвс хадах хэмжээнд ургахаа байсан тул төсөлд хамрагдсан малчид өөрсдөө тэжээлээ тариалж, зах зээл дээрх арилжааны өвс авснаас харьцангуй хямд зардлаар өвс, тэжээлээ бэлдэж байгаа тул төслийн үр өгөөж сайн, өөрсдөө тарьж ургуулах нь сайхан байгааг хэлж байв.
Есөнзүйл сумын хувьд нийт 62,5 га-д “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд тариалангийн талбайг бүрэн хашаажуулахын зэрэгцээ, ургац хураалтын ажил дуусахтай зэрэгцэн 500 ширхэг мод тарихад бэлэн болсон.
Цаашид нэмж талбай гаргаж төслийг илүү өргөжүүлэх, сумынхаа хэмжээнд ногоон тэжээлээ бэлддэг болоход оролцох хүсэлтэй иргэд олширч, ногоон тэжээл нэмж тариалах хэрэгцээ, шаардлага их байгааг сумын хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнэ хэлж, нэмж гаргах талбайн нөөц манай суманд бий шүү хэмээв.
