| Дэлхийн чинээлэг хүмүүс өнгөрсөн онд улам баян болж, 1 сая ам.доллар болон түүнээс дээш хөрөнгө эзэмшдэг хүмүүсийн нийт хөрөнгийн хэмжээ 9 гаруй хувиар өссөн байна. |
| 2025 онд өндөр орлоготой иргэдийн нийт хөрөнгийн дүн 98.3 их наяд ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрснийг Францын IT, зөвлөх үйлчилгээний фирм Capgemini-ийн судалгаа харуулж байна. Харьцуулбал Дэлхийн Банкны тооцооллоор 2024 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 111 их наяд ам.доллароор хэмжигдэж байв. |
| Хиймэл оюуны өөдрөг хүлээлтээс үүдсэн хувьцааны ханшийн өсөлт нь хөрөнгө энэ хэмжээнд хүрч хуримтлагдах гол хөшүүрэг байсныг судалгаанд дурдсан байна. Ингэснээр дэлхий даяарх долларын саятнуудын тоо өнгөрсөн онд бараг 2 саяар нэмэгдэж, 25.3 саяд хүрчээ. |
| Гэсэн хэдий ч “ultra-rich” буюу асар чинээлэг хүмүүсийн гарт хөрөнгийн дийлэнх хэсэг төвлөрч байна. Хөрөнгийн хэмжээгээр нь бүлэглэвэл 30 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй иргэдийн хөрөнгө өсөлтөөрөө тэргүүлсний зэрэгцээ тэдний тоо анх удаагаа 250 мянга давжээ. Харин бүс нутгаар харвал хамгийн огцом өсөлт Ази, Номхон далайд ногдож байна. Чипийн тэнгэрт тулсан эрэлт, түүнийг дагасан хөрөнгийн зах зээлийн өсөлтийн халуун цэг болоод буй Ази тивд баячуудын хөрөнгө 10.5 хувиар өсжээ. |
| Энэ онд хөрөнгийн хэмжээ, саятнуудын тоо бүр ч хурдтай өсөх төлөвтэй. SpaceX компанийн удахгүй хийх IPO шинэхэн саятнууд, тэрбумтнуудыг төрүүлэхээс гадна Илон Маскийг дэлхийн түүхэн дэх анхны их наядтан болгох нь ерөнхийдөө тодорхой болсон билээ. Мөн өнөөгийн хөрөнгийн зах зээлийн гол дүрүүдийн нэг Anthropic, OpenAI энэ онд хувьцаагаа нээлттэй арилжаалахаар төлөвлөж байгаа юм. |
Via: Bloomberg TV Mongolia