ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ 6 АЖ АХУЙН НЭГЖИЙН 8 ЗУУХЫГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДАГУУ ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛД ХАМРУУЛЖ БАЙНА
Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын 2025 оны урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй дулаан үйлдвэрлэгч 6 аж ахуйн нэгжийн 8 объектын зууханд агаарын бохирдлыг бууруулах үүргээ биелүүлээгүй зөрчил илрүүлсэн байна.
Улмаар Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгах хугацаатай албан даалгавар хүргүүлсэн.
Гэвч Байгаль орчны улсын байцаагчийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар хариуцагч аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн албан даалгаврыг хэрэгжүүлээгүй тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллав.
Тодруулбал, нийтийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд аймгийн Прокурорын газартай хамтран 6 аж ахуйн нэгжийн 8 зуухтай холбогдуулан улсын байцаагчийн албан даалгавраар албадан гүйцэтгүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шүүхийн шийдвэрээр даалгуулсан байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу аж ахуйн нэгжүүд нүүрсэн зуухандаа технологийн шинэчлэл хийх, утаа, үнс, тортог баригч төхөөрөмж суурилуулах, нүүрс, үнсийг түр хадгалах сав, хашаа хамгаалалтыг сайжруулах үүрэг хүлээсэн.
Энэ ажлын үр дүнд хариуцагч аж ахуйн нэгжүүд нүүрсэн зуухандаа технологийн шинэчлэл хийж байна.
Зуухнуудыг бүрэн суурилуулж, тохируулга хийж, хэвийн ажиллагаанд оруулснаар нүүрсний хэрэглээ 20 хувь, үнсний гарц 40 хувиар буурч, агаарт хаягдах утаа, тортгоос үүдэлтэй бохирдол мөн хэмжээгээр буурах юм.
Шинэ зуух нь бүрэн автомат ажиллагаатай тул хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цаг хугацаа хэмнэх, эдийн засгийн хэмнэлт гаргахын зэрэгцээ ажлын байрны орчин, нөхцөлийг сайжруулах давуу талтай.





Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар
