
| Улсын хэмжээнд 2023-2024 онд 6.4 сая зөрчилд шийтгэл ногдуулж, нийт ₮361 тэрбумын хүү, торгуулийн орлого төвлөрүүлжээ. Тухайн жилүүдэд ₮322.7 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч гүйцэтгэл нь давж биелсэн харагдав. |
| Уг орлогын 97.2% буюу ₮351 тэрбумыг орон нутгийн төсөвт, 2.8% буюу ₮10 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлээд буй. Харин аудитын шалгалтаар ₮32.3 тэрбумын зөрчил илэрсэн байна. Гэснээс орон нутгийн гэж яриад байгаа нь нийслэл нэмээд 21 аймгийг илэрхийлж байгаа шүү. |
Хэн хамгийн их торгов?
| Торгууль ногдуулагч байгууллагаар харахад, 59.8% буюу ₮154.2 тэрбумыг Татварын Ерөнхий Газар бүрдүүлж тэргүүлж байгаа бол удаад нь Цагдаагийн Ерөнхий газар 35.4% буюу ₮91.3 тэрбум, Гаалийн ерөнхий газар 3.4% буюу ₮8.8 тэрбумыг тус тус төвлөрүүлэв. |
| Улаанбаатар хотод ногдох торгуулийн дүн гэхэд тус 2 жилд ₮211.4 тэрбум байсан бөгөөд мөн л гүйцэтгэл нь 108.7% давж биелэн ₮229.7 тэрбумд хүрсэн бол 21 аймагт ₮96.2 тэрбумын торгуулийн орлого олсон байна. Гүйцэтгэл нь давж биелснийг өмнөх жилийнх нь төлөгдөөгүй торгуулиудтай хамааралтай хэмээн тайлагнажээ. |
Хүүгийн орлого
| Цаашлаад, хүүгийн орлогын хувьд ЗГ-ын гадаад зээлийг дотоодод дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу төсөвт төвлөрөх хүүгийн төлбөрөөс бүрддэг аж. |
| 2023 онд хүүгийн орлогыг ₮58.9 тэрбумаар төлөвлөсөн ч гүйцэтгэлээр ₮2 тэрбум,2024 онд ₮56.4 тэрбумаар төлөвлөж, гүйцэтгэл нь ₮23.1 тэрбум буюу үндсэндээ ₮25.1 тэрбумыг төсөвт төвлөрүүлсэн байна. |
Мөнгөний мөр
| Орон нутгийн төсөвт төвлөрсөн ₮351 тэрбумын орлогоос гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ₮55.9 тэрбумыг, авто замын санд ₮48.3 тэрбумыг хуваарилан зарцуулсан байгаа бөгөөд үлдсэн 70% гаруй буюу ₮246.9 тэрбумыг орон нутгийн төсвийн суурь орлого болгон зарцуулсан аж. Торгуулийн орлогоос Нийслэлийн авто замын санд ₮36 тэрбум, аймгуудад ₮12.3 тэрбум төвлөрсөн байна. |
| Эцэст нь… Төвлөрүүлсэн нь ч яах вэ, цаана чинь хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй торгуулийн үлдэгдэл ₮321.8 тэрбум байгаа гэнэ. Дийлэнх нь татварын торгууль. Замын хөдөлгөөний зөрчлийн торгууль гэхэд 2017 оноос эхэлж байгаа бол татварынх 2012 оноос эхэлж байх жишээний. 2024 оныг хүртэл төлөгдөөгүй торгууль гээд л бод. |
Эх сурвалж: Lemon press
