Орон нутгийн өөрөө удирдах ёсыг дэмжих чиглэлээр Конрад-Аденауэр-Сан Өвөрхангай аймгийн ИТХ-тай хамтардаг олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн өөрөө удирдах ёсыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Зөрен Зойка нар нээж, үг хэллээ.
Конрад-Аденауэр-Сан нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх чиглэлээр сүүлийн 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний дотор орон нутгийн өөрөө удирдах ёс, төвлөрлийг сааруулах болон орон нутгийн зөв засаглалыг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалт, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ирсэн. Сургалтанд 12 сумын 120 төлөөлөгч, сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар хамрагдаж байна.



