Дэлхийн Төв банкнууд энэ оны III улиралд 321 тонн алт худалдан авчээ

Газрын тосны үнэ болон бодлогын хүүгийн төлөв алтны ханшид дарамт учруулж буй энэ үед дэлхийн Төв банкнууд энэ оны III улиралд 321 тонн алт худалдан авчээ. Энэ нь 2024 оны эцсээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болохыг Дэлхийн алтны зөвлөл мягмар гарагт нийтэлсэн тайландаа дурдлаа.

Оны эхэнд Төв банкнуудын үнэт металл худалдан авалт сул байсан ч эхний есөн сарын дүнгээр 675 тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс ялимгүй давсан байна. I сард алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрэхэд нөлөөлсөн төв банкнуудын эрэлт ханшийг дэмжих гол хүчин зүйл хэвээр байна.

II сарын сүүлээр Ираны дайн эхэлж, эрчим хүчний өртөг нэмэгдсэнээс хойш алтны үнэ 25 орчим хувиар буураад байна. III улиралд алтны ханш огцом суларсан нь зарим төв банкийг худалдан авалтаа нэмэгдүүлэхэд түлхэц болсон байж магадгүй гэж Дэлхийн алтны зөвлөлийн зах зээлийн ахлах стратегич тайлбарлав.

Харин Монголбанк X сард 1.45 тонн үнэт металл худалдан авсан нь сүүлийн гурван сарын хамгийн бага үзүүлэлт боллоо. Ингэснээр оны эхнээс худалдан авсан үнэт металлын хэмжээ 15.4 тоннд хүрчээ.

Зах зээл Ойрх Дорнод дахь дипломат хүчин чармайлт болон АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн дүнг ажиглаж байна. Мөн энхийн хэлэлцээний явцын талаар АНУ, Иран зөрүүтэй дохио өгч буй нь энэ долоо хоногт алтны ханшийг савлуулж байна. Тухайлбал өмнөх арилжаагаар бага зэрэг буурсан алтны үнэ лхагва гарагт ялимгүй сэргэж, унц тутамдаа 3,938 ам.долларт арилжаалагдаж байна.

Leave a Reply