Дэлхийн алтны шинэ “сейф”

Сингапурт хадгалуулж буй хувийн эзэмшлийн алтны хэмжээ 2014 оноос хойш 16 дахин өсөж, өнгөрсөн онд 800 тонн давсан гэж “J. Rotbart & Co” үнэт металлын дилер тооцоолжээ. Энэхүү өсөлтийн дийлэнх хувийг Европоос ирсэн хөрөнгийн урсгал бүрдүүлсэн бөгөөд 2026, 2027 онуудад хэмжээ нь улам нэмэгдэнэ гэж тус компани таамаглаж байна.

Сингапурын банкнууд, үнэт металлын дилерүүдийн мэдээлснээр дайн, Засгийн газруудын өрийн өсөлт, улс төрийн тодорхойгүй байдлаас болгоомжилсон АНУ, Европ болон Ойрх Дорнодын чинээлэг хөрөнгө оруулагчид алтаа хадгалах байршлаа төрөлжүүлэх сонирхолтой болжээ. Ингэснээр найдвартай хадгалах газар эрэлхийлсэн гадаадын хөрөнгө оруулагчид Сингапур руу алтаа шилжүүлэх нь нэмэгдэж байна. Энэхүү чиг хандлагыг ашиглан “Nomura Holdings”, “Oversea-Chinese Banking Corporation” тэргүүтэй банкнууд алт арилжих, хадгалах үйлчилгээгээ өргөжүүлж байгаа бол Сингапурын эрх баригчид улсаа биет алтны арилжааны төв болгох дэд бүтцийг хөгжүүлж эхэлжээ. Сингапур хувийн хэвшлийн, өндөр хамгаалалттай хоёр том агуулах нь 2200 тонн алт хадгалах хүчин чадалтай юм.

“Gauld” үнэт металлын платформын мэдээлснээр Европ дахь харилцагчдын 40 хувь орчим нь Швейцарт хадгалж байсан алтныхаа тодорхой хэсгийг Сингапур руу шилжүүлсэн эсвэл шинээр алт худалдан авахдаа тус улсыг сонгосон аж. Украины дайнтай холбогдуулан ОХУ-ын хөрөнгийг царцаасан явдал нь Швейцарын төвийг сахисан байр суурийн талаарх зарим харилцагчийн ойлголтыг өөрчилсөн гэдгийг тус компани онцолжээ.
Сингапурын Засгийн газар энэ мөчийг ашиглан Хонконгоос түрүүлж, Азийн гол алтны арилжааны зангилаа төв болохыг зорьж буй. Тухайлбал, Сингапурын бирж 2026 оны эцэс гэхэд клирингийн систем нэвтрүүлэхээ зарласан юм. Гэсэн хэдий ч дэлхийн алтны зах зээлд Сингапур руу чиглэсэн урсгал харьцангуй бага хэвээр буй. “Trade Data Monitor”-ийн мэдээллээс харвал, энэ оны наймдугаар сарын байдлаар Сингапурын алтны импорт 44 хувиар өсөж, 171 тоннд хүрсэн. Үүнтэй харьцуулбал дэлхийн биет алтны гол төв болох Лондонд үүнээс бараг 60 дахин их алт хадгалагддаг бөгөөд дийлэнх хэсгийг нь Төв банкнуудын нөөц бүрдүүлж байна.

Leave a Reply