Солонгос улсын Гёнги аймгийн Гал унтраах газраас Богд, Төгрөг сумдад тусламжийн авто машин хандивлах батламжийг гардууллаа.

Бүгд Найрамдах Солонгос улсын Гёнги аймгийн Гал унтраах газрын санхүүгийн төхөөрөмж хариуцсан менежер, төслийн ерөнхий удирдагч Им Чан Мо тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 04-05-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж байгаа юм.

Ажлын эхэнд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд тэргүүтэй албаны хүмүүстэй уулзалт хийж, хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд гал унтраах болон гамшгийн үеийн тусламж үйлчилгээг сайжруулах талаар санал солилцов.

Энэ удаагийн уулзалтаар Гёнги аймгийн Гал унтраах газраас Богд, Төгрөг сумдад тус бүр эрүүл мэндийн тусламжийн авто машин болон гал унтраах үед хэрэглэгдэх 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн хувцас хандивлаж байгааг дуулгаад дээрх хоёр сумын удирдлагуудад батламжийг гардуулж өглөө.

Тус хоёр сум нь аймгийн төвөөс хамгийн хол зайд оршдог, малчин айл өрхүүд нь таруу суурьшдаг бөгөөд эрүүл мэндийн тусламжийн авто машиныг нэмэгдүүлснээр малчин өрхөд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжрах, гэнэтийн аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэж болох хохирлыг бууруулах боломжийг нэмэгдүүлнэ.

Гёнги аймгийн Гал унтраах газраас өнгөрсөн жил Уянга суманд гал унтраах авто машин, Хужирт суманд түргэн тусламжийн авто машиныг тус тус хандивласан бол Монгол улстай хамтын ажиллагааны хүрээнд нийслэл хот, бусад аймагт гал унтраах болон эрүүл мэндийн тусламжийн 70 гаруй авто машиныг хандивлаад байгаа ажээ.

Тэд тусламжийн авто машин, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг хандивлахдаа ашиглах болон засвар үйлчилгээг хэрхэн хийх, хувцас хэрэглэлийг өмсөх зааварчилгааг иж бүрнээр нь зааж, сургадаг бөгөөд алсын зайн зөвлөгөөг өгөх боломжийг олгодог юм.

Албаны хүмүүс аймгийн Уянга болон Хужирт сумдад ажиллана.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар

Leave a Reply