- 0
- 19 words

Дэлхийд санах ойн чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч Samsung Electronics компанийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд ам.долларын босго давлаа. Хиймэл оюунд ашиглагдах чипийн эрэлт огцом өссөнөөр тус компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд дөрөв дахин өсөөд байна.
Лхагва гарагт арилжаа нээгдэхэд Samsung-ийн хувьцааны ханш 12 хүртэлх хувиар өссөнөөр Тайванийн TSMC компанийн дараа нэг их наяд ам.долларын үнэлгээнд хүрсэн Азийн хоёр дахь компани болж байна. Түүнчлэн энэхүү өсөлт нь KOSPI индекс түүхэндээ анх удаа 7,000 нэгж давахад түлхэц боллоо.
Samsung нь TSMC болон нутагт нэгт SK Hynix-ийн хамтаар Азийн зах зээлийг дэлхийн хиймэл оюуны экосистемийн гол зангилаа цэг болгоход нөлөөлж буй. Чип үйлдвэрлэлийн давамгай байдал, дата төвүүдийн дэд бүтэцтэй хосолсноор Азийн технологийн хувьцаанууд цойлох хөшүүрэг болж байгаа юм.
SK Hynix, TSMC-ийн хувьцааны ханш энэ сард мөн түүхэн дээд түвшинд хүрсэн юм. Энэ нь хөрөнгө оруулагчид дэвшилтэт чип болон тооцоолох хүчин чадлын эрэлт урт хугацаанд тогтвортой байна гэж үзэж буйн илрэл болжээ.
“Samsung 1 их наяд ам.долларын үнэлгээтэй болсон нь бэлгэдлийн шинжээс давсан бодит жинтэй үзүүлэлт. Өргөн хүрээнд авч үзвэл энэ нь хиймэл оюуны дэд бүтцэд санах ойн чипийн гүйцэтгэх үүрэг мөчлөгийн шинжтэй бус, харин бүтцийн шинжтэй болсон гэдгийг зах зээл илэрхийлж байна” хэмээн Roundhill Investments компанийн Гүйцэтгэх захирал Дэйв Мазза онцолжээ.
Via: Bloomberg TV Mongolia
