ДУЛААНЫ СТАНЦЫН ЗУУХНЫ УГСРАЛТЫН АЖИЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Арвайхээр хотноо баригдах шинэ дулааны станц ашиглалтад орсноор агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурч, халаалтын найдвартай байдал дээшилж, аж ахуйн нэгжүүд шинээр дулааны шугамд холбогдох техникийн боломж бүрдэнэ. Мөн орон нутгийн үйлдвэрлэл нэмэгдэхийн сацуу эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ.

Төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30 Гкал/цаг хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 400 – 80 мм-ийн голчтой 9,1 км урт дулаан дамжуулах шугам сүлжээ мөн 1,1-4,5 Гкал/цагийн хүчин чадалтай 11 дулаан дамжуулах төв бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем бий болно.

Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэфициент (85-90%) өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулах юм.